Monday, July 2, 2012

Хотын иргэн би ичиж байна


Өвөө маань тээврийн шуудангийн жолооч хийж байгаад Монгол улсад анхны жолооны сургууль байгуулагдахад анхны багш нь байсан Гавъяат тээвэрчин хүн байсан билээ.

Эмээ маань 16 настайдаа анх хотод орж ирэн өвөөтэй танилцаж, мөн л жолоо барьж сураад Монгол улсад анхны түргэн тусламжийн төв байгуулагдахад анхны түргэний машины жолооч байсан.

Тэд бүгдийг улсын төлөө хөдөлмөрлөн зүтгэсэн гэж улсаас орон сууцаар хангасан. Тэр байранд нь одоо ч үр хүүхдүүд нь амьдарсаар л байна. Тэд туулж ирсэн өөрсдийн амьдралаа голдоггүй, тэдний амьдралдаа хийж бүтээсэн зүйлээр үр хүүхдүүд бид нар нь бахархдаг.

Эцэг эх маань ч улсдаа олон жил хөдөлмөрлөн, улсаас өгсөн орон сууцандаа амьдардаг Улаанбаатарын уугууль иргэд. Улсаас биднийг 0,7 Га газар эзэмших эрхтэй гэж зарласан. Бид тэр газраа аваагүй л байгаа. 90-ээд оны хүнд үед зуслангийн байшингаа зарсан тул зуслангийн газраа эзэмших боломжоос нь хойно үлдсэн. Энэндээ бид харамсдаггүй. Газраар дутагдаж сүйд болдоггүй. Учир нь бид их хотын энгийн амьдралаараа амьдраад хэвшсэн учраас газар шорооноос эзэмшихийг, хашаа хатган амьдрахыг төдийлөн зорихгүй л байна.

Бид өөрсдийгөө Улсын хөгжилд, Улаанбаатарын цэцэглэлтэндээ үеэс үедээ нэмэр болж, хөдөлмөрлөж ирсэн учраас олгосон байрандаа эзэн болж, олон юм илүү хүсэлгүй л ажиллаж амьдарах эрхтэй бас үүрэгтэй хотын жинхэнэ уугууль иргэд гэдэгт итгэлтэй байдаг.

Монгол улсад төрсөндөө азтай гэж би боддог. Баялагтайг нь би мэдэж зорьж ирээгүй. Өргөн уудам уул талаараа аялж зугаалан алжаал юугаан тайлдгаас биш өвөр бэлийг нь өмчилж бусдаас тусгаарлах бодол огт байдаггүй. Та надтай л адил Монголд төрсөн учраас та ч бас энэ уул талаар аялах эрхтэй. Баялагаас би хувь хүртэх ёстой гэж шунадаггүй. Энэ насны тал хүртэл баялагтайг нь ч би мэдээгүй.

Гаргаад ирлээ гээд тэр баялагаа, гадагшаа зараад мөнгөтэй боллоо л гэнэ. Манай улс хөгжих нь ээ гэж баярлан суухаас биш надад хэдэн төгрөгийг нь өгөх болоо гэж би шүүрс алдаагүй.
Өрхийн орлого дээшилж, амьдрах нөхцлөө сайжруулж шинэ тавилга авч тохижуулахад хүн бүрт л таатай байдаг. Идэх хоол өмсөж зүүх нь түүнийгээ даган сайжирна. Олсон орлогыг гэр бүлийн гишүүн бүртээ тэнцүү хувааж өгөх ёстой гэж бодож ч байгаагүй. Өгье гэснийг нь л авчихаад өөрөө хөдөлмөрлөн нэмэр болох гэж л хичээж амьдарч байна. Ашиг тус нь аяндаа ирнэ.
Гэтэл одоо хүмүүс ингэж бодохоо больжээ.

Хөдөөнөөс шилжин ирж, хоосон л байвал хаана ч хамаагүй хашаа хатгаж суучихаад тэр газраа өмчлөх ёстой гэж хошуугаа унжуулан уйлагнана.
Би Монголд төрсөн учраас Монголын газар шорооноос олдсон тэр баялагаас нь хувь хүртэх ёстой гэж цамнана. Баялагтай орон гэж зорьж төрчихөөд юу ч үгүй хоцрох гээд байгаадаа харамсан улангасах аятай.

Сүүлдээ бүүр энэ хотод нүүрс түлж утаа тавихаас илүү ямар ч гавъяа байгуулсан юмгүй юм байж бас газар эзэмшинэ гэж булаалдан дайрдаг болж гэнэ үү? Хотын 600-аад мянган иргэнээс бусад нь энэ хотын хөгжил дэвшилд юугаар гийгүүлсэндээ газар эзэмшин амьдрах эрхтэй гэж боддог байна аа?

Танихгүй хүн хаалгыг нь тогшоод Богд уулруу гүйж очоод газраа ав гээд хэлчихэнгүүт нь очоод шон хатгачихаж байна гэнэ үү? Ямар даварчихсан юм бэ тэр хүмүүс? Яасан гэж өөрийгөө Богд уулын хормойгоос газар эзэмших хувьтай гэж боддог байна аа.
Үнэгүй олж авчихаад үнэ хүргээд зараад ашиг олчихно гэсэн бодлоор шүлэнгэтэн газар шороо руугаа улаан нүд эргэлдүүлэн дайрах тэд Монгол улсын иргэн гэж өөрийгөө хэлэхээс ичээсэй.
МУУСАЙН ӨЛӨН НОВШНУУД!!!

No comments:

Post a Comment