Sunday, May 24, 2009

ШУТИС-ийн оюутнуудад зориулав...


Оюутан хүн нийгмийн хамгийн хүчтэй хэсэг байдаг тухай гадны улс орнуудын олон жишээн дээрээс бид сонсож, уншиж л байсан. Хамгийн ойрхон жишээ гэвэл Солонгос болон Хятадад оюутнууд нь төр засгийнхаа эсрэг бослого гаргаж эрх баригчдыг багагүй сандаргаж байсан гэх мэт.

Хятадууд гэхдээ төв талбай дээрээ газартай тэгшлүүлсэн гэсэн. Би түүх сайн мэдэхгүй л дээ... Буруу юм бичиж аягүй бол онигоо болно.
Монголд оюутнууд арай л дэндүү их ээ. Юм сурдаг ч юм уу, зарим эцэг эх нь юу ч сурдаггүй толгой муутай хүүхдээ ядаж орчинд нь байлгаж байвал лааз өшиглөж явснаас дээр гээд л яаж ийж байгаад их дээд сургуульд оруулж байх жишээтэй.

За тэгээд ямар ч замаар оюутан болсон бай хэнд ч хэрэг болох хэдэн үг бичье...
Бусад сургуулиудад өөр л байдаг байх л даа. Харин ШУТИС-д бол оюутнууд дараах 3 замаар орж ирдийн. Энэ судалгаагаар нотлогдсон шүү...

Нэгдүгээрт: Хар багаасаа мөрөөдсөн буюу өөрийн сонирхсон мэргэжлээ сонгож орж ирэх.
- Энэ нөхдүүд оюутнуудын дунд тийм ч олон хувийг эзлэхгүй л дээ. Хамгийн хүчтэй, ирээдүйтэй хүмүүс. Гэхдээ ШУТИС-н бүх мэргэжлүүдийг сонирхол татсан мэргэжил гэж хэлэхэд хэцүү. Жишээлбэл дунд сургуулийн сурагч нараас ямар мэргэжилтэй болох вэ гэхэд "- Цахилгааны инженер" ч юм уу, "-Усны барилгын инженер" гэж хариулах хүүхэд бараг л байхгүй дээ. Аа харин "инженер" болно гэх ерөнхий хариулт цөөнгүй сонсогдож болох... Энэ замаар орж ирсэн оюутнуудад хэлээд зөвлөөд байх зүйл бараг л байхгүй. Гэнэт бусдад уруу татагдахгүйхэн шиг бас хэн нэгэнд гэнэт дурлаж хичээлээ хаяж солиорч алга болохгүй л бол сайн инженер болж чадна. Ганц л зүйл нэмэж хэлэхэд жаахан нийгмийн идэвхиэ дээшлүүлэн амбицаа бага зэрэг сайжруулахад л хангалттай. Эд бол ШУТИС-ийн шилдэг оюутнууд...

Хоёрдугаарт: Өв залгамжилсан оюутнууд буюу эцэг эхийн мэргэжлийг өөрийн хүсэлтээр болон хүчээр сонгож орж ирэх.
- Тэд ядаж л энэ мэргэжлээрээ төгсвөл ямар ажлын байр хүлээж байгааг өвлүүлж буй хүнээсээ ч юмуу аав ээжийнхээ жишээн дээрээс харж л байгаа. Эцэг эх нь ч гэсэн намайг бяртай байгаа дээр энэ нэг хүүхэд төгсчихүүл гайгүй юманд оруулчихиймсан гээд л нүхийг нь ухцан байгаа. Эдгээр оюутнууд яахав ээ гайгүй яваад л байдын. Хүчээр загнуулаад сонгоцон оюутнуудад энэ мэргэжлийнх нь талаар сайхан тайлбарлаад сурталчилаад чиг баримжааг нь өгчихвөл хичээгээд байж болох л талтай. Энэ бүлгийн зарим оюутнууд курс ахиад жаахан биеэ даагаад ирэхээр өөрийн сонирхсон зүйлээ хийгээд сургуулиа хаядаг тохиолдол бас их бий. Гэхдээ тэд ирээдүйн чадварлаг инженерүүд...

Гуравдугаарт: Элсэлтийн шалгалтын оноонд харгалзах мэргэжил сонгосон буюу харанхуй сонголт хийсэн оюутнууд
- За энэ чинь л ШУТИС-ийн жинхэнэ оюутан шүү дээ. Дийлэнх хэсэг нь энэ замаар орж ирнэ. Тэд яг ямар мэргэжил сонгосоноо хэсэгтээ л /мэргэжлийн хичээл үзэж эхэлтэл/ ойлгохгүй. Төгсөөд ямар ажил хийдэг хүн болохоо бараг төгсөх хүртлээ мэдэхгүй л явна. Миний диплом аав ээж хоёрт л хэрэгтэй юм шиг байгаан гэж ихэнх нь бодно. Хичээлд идэвхигүй, сонирхолгүй. Тэгээд угаасаа юу ч сурдаггүй юм байж сургалтын төлбөр өндөр байгааг хоёр гар өргөн дэмжинэ. ШУТИС-ийг эд л санхүүжүүлж яваа гэхэд хилсдэхгүй.

Гэхдээ тэдэнд гарах зам бий. ШУТИС-ийн оюутанд байнга л сонголт байдаг. Энэ нь ч ШУТИС-ийн давуу тал. Сурахыг хүсвэл сурна, тэтгэлэг авна, оюутан солилцоонд ч хамрагдана, сургуулиа ч эрт төгсөж болно, давхар мэргэжил эзэмшсэн ч болно. Хүсэхгүй бол тэд их сургуульд 10 жил сурсан ч тохиолдол байгаа.
Энэ гуравдахь тохиолдол бол аль аль талын л асуудал. Оюутан ухамсраараа өөрийгөө засаж залруулах нь бас л ховор ш дээ. Сургуулийн зүгээс тэдэнд зориулсан сургалтын бодлого хэрэгтэй. Хаашдаа л шигшиж авч чадахгүй, дийлэнх оюутнуудаа бүрдүүлж байгаагаас өөрсдөндөө асар их хариуцлага ногдуулж байгаа хэрэг. Энэ тал дээр даанч ШУТИС хойрго ажилладаг. ШУТИС-н оюутнууд байнга л муу талаараа алдартай байдаг нь сургуулийн бодлого муугийнх. Харин төгссөн оюутнууд ажлын байранд сулхан байгаа нь багш нарын хэнэггүйнх.

Оюутнуудад ч буруу зүйл дэндүү их. Би үгийнхээ эхэнд оюутнуудыг нийгмийн хүчтэй хэсэг байдаг гэж хэлсэн. Харин манай оюутан залуучуудад тийм зориг тэнхээ алга. Хажуудаа байгаа оюутнаар л өөрийгөө хэмжиж байдаг. Биеэ асар их дайчлах шаардлага бид бүгдэд л байгаа. Орчноо ухаарах нүд тэдэнд дутдаг. Сургалтын төлбөр өндөр байна гэж дуугарахын оронд 1 пар хичээл сонсоход хичнээн төгрөг төлж байгаагаа тооцож үзээд 1 пар хичээл таслахад, зүүрмэглэхэд, хажуудахтайгаа онгоц буудахад төдий хэмжээний мөнгийг салхинд хийсгэж байгаагаа ойлгож авбал ядаж үр дүнтэй байхыг сурна. Сургалтын төлбөрийн 1 кредитийн үнийг 16 хуваахад дээрх үнэлгээ гарч ирдэг. Ингээд л ядаж өөрийгөө санхүүгийн аргаар дайчлах хэрэгтэй байгаа юм даа.
Тиймээс эндээс л эхэлж эртхэн шиг бодолтой сурвал ШУТИС-аас авах ч юм их бий шүү...

No comments:

Post a Comment